М.Энхболд явснаар энэ УИХ бүр гөлийчихлөө

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүйг та, бид харлаа. Саяхан л М.Энхболд огцорчихвол энэ улс мандан бадрана гэж байсан гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга Г.Занданшатар руу өнөөдрийн чуулган дээр ноцлоо. Ноцох, ноцохдоо ноцтой үндэслэлүүд хэлж дайрсан нь нийгмийн сүлжээнд яг одоо тренд болж байна. Ж.Батзандан хэдий популист ч энэ удаад үнэний зүгээс асуудал тавьсан учраас үг нь хит, мэдэгдэл нь тренд болж байхыг үгүйсгэхгүй.

Тэр хэлэхдээ “Бид нар М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Үүнийгээ одоо ярья. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Үүнд итгэсэн хүмүүс Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна.

Иргэд олон түмний зүгээс ч үүнийг хэлж байна. Их хүлээлт байна. Гэвч нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй байна. Наад төр чинь бүр гөлийчихлөө” гэсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Өөрийн алдаагаа, өмнөх буруугаа хүлээн зөвшөөрсний ч дохио юм болов уу. Ямар боловч Ж.Батзандан энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын нүд рүү харж байгаад хэлэх гэснээ хэлчихлээ.

Тэгвэл Ж.Батзандангийн хэлсэн шиг үнэндээ спикер өнгөрсөн хугацаанд юу хийв ээ. Г.Занданшатар гэдэг хувь улстөрчийг харахад парламентын биш, Засгийн газрын, тэр тусмаа жирийн сайдын ажил руу орж байгааг бид бүхэн бэлхнээ харлаа шүү дээ. Төмөр зам руу ч нэг гүйж очоод, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв рүү ч харайлгаад тогтож сууж чадахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Тиймээс л бодлого зангидах ёстой парламентын дарга нь босч, сууж харайгаад байхаар УИХ-ын гишүүд нь ч ундууцаж байгаа нь энэ биз.

Гэвч Г.Занданшатар даргалж байгаа парламентын танхимаа, гадна талд байгаа ард түмнийхээ ч уур амьсгалыг мэдэрч чадахгүй байгаа нь харагдлаа. Дөнгөж өчигдөрхөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хоёр дахь удаагаа өөрөө тарах саналыг илэрхийлснийг дэмжсэн өнгө аястай үгсийг чуулганы танхимд хэлж орхилоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалт шаардлагаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү” гэсэн нь ноцтой үг шүү. Маш ноцтой.

Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр зөвшилцсөн тохиолдолд УИХ өөрөө тарах шийдвэрийг гаргаж болдог. Иймээс л М.Энхболд УИХ-ын дарга байхдаа парламентаа, парламентын засаглалаа хамгаалахын төлөө явсаар байгаад огцорч дууссан. Магадгүй ийм шийдвэрийг спикер хэн байхаас үл хамааран бүгд гаргах байх. Харин Г.Занданшатар тэгсэнгүй. Парламентыг тараах талд үг хэлсэн нь, Ерөнхийлөгчтэй нэг бодолтой болсны илрэл юм болов уу гэж харагдаж байна. Үндсэн хуулиараа энэ хоёр албан тушаалтан санал нэгдвэл УИХ тарах зам шуудрах учиртай.

Нөгөө талаас ингэж хардах хэд хэдэн үндэслэл байгаа юм. Эхнийх нь бол Г.Занданшатар дарга “УИХ-ыг өөрөө тарах” тухай амараа хэлчихлээ. Өчигдөр бас чуулган дээр Ерөнхийлөгч үг хэлсний дараа УИХ-ын хэд хэдэн гишүүн эсэргүүцэж үг хэлэхийг хүссэн ч минут олголгүй дараагийн асуудал руу оруулсан байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын дараалсан мэдэгдлүүд тохиолдлын зүйл биш байх үндэстэй юм.

УИХ ийнхүү өөрөө тарах асуудал хөндөгдсөн нь М.Энхболдыг спикерийн суудлаас буулгаснаар ийнхүү шуударч байж мэдэх нь. Гэхдээ бас Г.Занданшатарт ч “айдас” бий. Тэр өөрөө УИХ-ын гишүүдийн саналаар огцорсон М.Энхболдын оронд УИХ-ын даргаар сонгогдсон. М.Энхболдыг огцруулсан хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй. Тэгэхээр нэг спикерийг огцруулж чадсан Ж.Батзандан нөгөө спикерийг ч унагах хөдөлгөөнийг эхлүүлж чадна. Ингээд тооцвол УИХ өөрөө тарах уу, УИХ-ын дарга Г.Занданшатар огцрох уу гэдэг рүү л юм явж мэдэх нь. Энэ зун ч улс төр амрах янзгүй нь.

 

Б.Жаргал